• Хэвлэгдсэн: 2020 он
  • ISBN: 978-9919-21-802-7
  • ННА: 32.973-018
  • ДАА: 005.1

Инженерчлэлийн МАТЛАБ программчлал

П.Ариунболор

Тухай

Дэлхийн ихэнх их дээд сургууль,эрдэм шинжилгээний байгууллага, судалгааны төвүүд МАТЛАБ программчлалыг ашиглахын хэрээр эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж, судалгаа шинжилгээний ажлын үр дүнд суурилсан улс орны хөгжил, инновацын бүтээн байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэж байгаа өнөө үед инженерчлэлийн тооцоо, судалгаанд зориулсан МАТЛАБ программчлалын сурах бичиг үгүйлэгдэж байна. Иймд олон улсын их, дээд сургуулиудад түгээмэл ашиглагдаж байгаа сурах бичгүүдэд тулгуурлан бүрэн агуулгыг багтаан боловсруулсан “Инженерчлэлийн МАТЛАБ программчлал” бие даан сурах бичгийн анхны хэвлэлийг толилуулж байна.

Энэхүү сурах бичигт код бичих, программ боловсруулах, судалгааны ажлын боловсруулалт хийх, бие даан өөрийгөө хөгжүүлэх дадал, чадвар эзэмшүүлэх үүднээс математик тооцоолол, жишээ, дасгал бодлогууд, судалгааны ажлын боловсруулалтын үр дүнг ойлгомжтойгоор харуулж, энгийн үг хэллэгээр тайлбарлан бичихийг зорив. Гадаад үгийг бичихдээ Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толийг ашигласан. Жишээлбэл: программ, программчлал гэх мэт.

Бие даан сурах бичиг нь 9 бүлэг, 400 гаруй жишээ, 400 гаруй дасгал бодлого, тэдгээрийн бодолт, хавсралт зэргээс бүрдэнэ.

Тус сурах бичгийг судалснаар бүлэг тус бүрийн ард байх жишээ бодлогуудыг бодох, хавсралтад өгсөн бодолтуудтай харьцуулах, кодыг даган бичих, оролт гаралтын харилцан үйлчлэлийг тодорхойлох, алдаагаа илрүүлэн засах, өгөгдлийн бүтэцтэй ажиллах гэх мэт программ боловсруулах энгийн аргад суралцсаны дараа өөрсдөө шинээр программ зохиох, боловсруулах, инженерчлэлийн ба судалгааны асуудлуудыг шийдэх судалгааны ажлаа амжилттай гүйцэтгэх чадварт суралцана

Энэ сурах бичгийг боловсруулахад ашигласан эксел, текст файлын өгөгдлүүд, инженерчлэлийн 19 онлайн ном, MATLAB2013a программ, үүнийг суулгах тайлбар зэргийг багтаасан QR код бүхий холбоос энэ номын хамт өгөгдөнө.

Онлайнаар өгөгдөж байгаа эдгээр 19 ном нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, англи хэл дээрх нээлттэй эх сурвалж ба мөн МАТЛАБ-ын олон төрлийн программын хэрэгслүүд, функц, команд, синтаксуудын тайлбар нь нээлттэй байдаг тул бие даан суралцаж, мэдлэг чадвараа байнга дээшлүүлэх бүрэн боломжтой